Сугар гаригийн хиртэлт

Сугар Гаригийн Хиртэлт
С. Төгөлдөр
2012 оны 5р сарын 31
sukhbold@ucolick.org

Ирэх лхагва гаригт манай нарны аймгийн сугар гариг дэлхийтэй харьцангуй нарыг хиртүүлэх гэж байна. Энэ үзэгдэлийг та энэ удаад л амжиж харахгүй бол насаараа байтугай хэдэн үеэрээ ч харамсаад барахгүй юм, учир нь дараачийн удаагийнх нь бүр 2117 онд тохионо.

Сугар нь буд гаригийн гадуур, харин дэлхийн тойрог замын дотуур нарыг тойрдог манай нарны аймгийн 2 дахь гариг юм. Дэлхийгээс хэмжээгээрээ ойролцоогоор 20% бага бөгөөд ихэнхдээ хүлэмжийн хийгээс бүрдэх маш нягт зузаан агаар мандалтай. Түүний гадрага нь дунджаар +460С- ийн температурт байх ба гадрага дээрх агаарын даралт нь дэлхийнхээс бараг 100 дахин их, тиймдээ ч энэ гаригийн гадрага болон агаар мандалд нь бидний мэддэг ямар ч амьд бие организм оршиж чадахгүй юм. Энэ зузаан агаар мандалд нь нарны гэрлийг маш сайн ойлгодог хүхрийн хүчилэн давхрага орших бөгөөд, үүнээс үүдэн сугар гариг нь тэнгэрт маш тод харагддаг – тэнгэрт нар болон сарны дараа тодоороо 3-т орно. Тойрог зам нь дэлхийн тойрог замын дотор оршдог учир дэлхийгээс зөвхөн нар мандахын өмнө ба нар жаргасны дараа богино хугацаанд харагдна. Хэрвээ та нар мандахын өмнө үүрээр эсвэл жаргасны дараахан бүүрээр маш тод одыг тэнгэрийн хаяа дэрлэн байхыг нь харж байсан бол тэр од тань сугар гариг байсан байх магадлал тун өндөр.

Сугар гаригийг Монголчууд бид үүрээр харагдах үед нь ”Үүрийн Цолмон” харин үдэшээр харагдах үед нь ”Үдшийн Гялаан” гэж нэрлэдэг билээ. Тэгвэл ирэх долоо хоногт энэ гариг маань дэлхийтэй харьцангуй нарыг бүтэн 6 цаг гаруйн хугацаанд хиртүүлэн өнгөрөх гэж байна.

Сугар гаригийн хиртэлт гэж юу вэ? Яагаад ховор үзэгдэл вэ?

Бид бүгд нар хиртэлт гэж юу болохыг сайн мэддэг билээ – ердөө л сар маань дэлхийг тойрох замдаа нарнаас дэлхийрүү чиглэн ирж буй гэрлийг халхлан өнгөрхийг нар хиртэлт гэж нэрлэдэг. Тэгвэл сугар гаригийн хиртэлт нь зарчимын хувьд адилхан зүйл юм – сугар гариг нарыг тойрон эргэх замдаа нарнаас дэлхийрүү ирж буй гэрлийн зарим хэсгийг халхлан өнгөрнө. Ялгаа нь, бодит хэмжээгээрээ сугар гариг нь сарнаас хамаагүй том ч гэлээ, сартай харьцангуй дэлхийгээс маш хол оршиж байгаа тул хиртэлтийн үеээр нарны маш өчүүхэн хэсгийг (нарны диаметрийн ердөө 3%-тай тэнцэх хэмжээний тойргийг) халхлана. Харин нар хиртэлтийн үед сар маань дэлхийтэй маш ойрхон оршдог тул зарим газарт нарны бараг бүх гэрлийг халхалж бүтэн хиртэлт үүсгэдэг билээ. Тиймээс сугар гаригийн хиртэлтээр тэнгэр харанхуйлж бүдгэрэх юм байхгүй юм.

Нөгөө нэг ялгаа нь сар дэлхийг маш ойр зайнд хурдан тойрж эргэдэг тул нарны хиртэлт харьцангуй хурдан болж өнгөрдөг. Харин сугар гариг нь дэлхийгээс хол зайд нарыг удаанаар (224 өдөрт нарыг бүтэн тойрно) тойрон эргэдэг учир түүний хиртэлт нь хэдэн цагийн турш үргэлжилнэ.

Сугар гариг нь өнгөрөгч болон ирээдүйн хэдэн зууны турш 243 жил тутам ердөө 4 удаа нарыг дэлхийтэй харьцангуй хиртүүлж байгаа. Гэхдээ хиртэлт хоорондын үе нь жигд биш – 121.5 жил, 8 жил, тэгсэнээ 105.5 жил, 8 жил – гэх байдлаар хиртэнэ. Хамгийн сүүлийн хиртэлт 2004 онд 8 жилийн өмнө болсон бөгөөд, ирэх долоо хоногийнхоос дараачийнх нь 105.5 жилийн дараа 2117 оны 12р сард тохионо.

Хэрхэн ажиглах вэ?

Дээр хэлсэнчлэн сугар гариг маань маш хол зайд орших тул нарны маш жижигхэн хэсгийг л халхална. Тэхээр хиртэлт эхлэхээс дуусах хүртэл нарны хойд бөмбөрцөгийн дагуу жижигхэн хар бөөрөнхий толбо явж өнгөрнө гэсэн үг. Энэ толбоны хэмжээ хэдий жижиг ч эрүүл хараатай хүний нүдэнд харагдана, та дараах байдлаар харж чадах эсэхээ шалгажарай: Цаасан дээр яг 2мм-ийн диаметертэй цэг зураад 7м-ийн цаанаас хар. Эрүүл хараатай хүний нүд уг цэгийг төвөггүй ажиглаж чадах учир хэрвээ танд харагдаж байвал та сугар гаригийн хиртэлтийг дурангүйгээр ажиглаж чадна гэсэн үг.

ГЭХДЭЭ нарыг ямар ч тохиолдолд энгийн нүдээр ямар ч хамгаалалтгүй харж БОЛОХГҮЙ гэдгийг анхаарна уу!!! Нарнаас ирж байгаа гэрлийг дэлхийн агаар мандал шүүж ихэнх аюултай хэсгийг нь нэвтрүүлэхгүй байгаа ч, гадрага дээр ирж байгаа нарны гэрэлд хүний нүдний угт орших гэрэл мэдрэгч эсүүдийг гэмтээх хүчтэй инфра-улаан туяаны цацраг бий. Тэдгээр гэрэл мэдэрдэг эсүүд ямар ч өвчин мэдрэхгүй учир нарлуу хараад гэмтэл авж байгаагаа хүн өөрөө мэдэх аргагүй юм. Гэмтэл авсаныгаа ч хүн тэр дороо мэдэхгүй, хэдэн цагийн дараа нүд харанхуйлах байдлаар мэдэрж эхлэх ба зарим ноцтой тохиолдолд хүний нүд сохрох аюултай учир, нарлуу эгцлэн ямар ч хамгаалалтгүйгээр харахгүй байхыг анхааруулж байна!

Юуг хамгаалалт болгож ашиглаж БОЛОХГҮЙ вэ?
• нарны шил – хэдэн ч давхар нарны шил таныг тэдгээр хорт туяанаас хамгаалахгүй
• гэрэл зургийн филтер – фотозургийн туйлшруулагч филтер болон бусад филтерууд
• Доор юуг ашиглаж болох вэ гэдэг дээр дурьдаагүй зүйлс

Юуг ашиглаж болох вэ?
• зориулалтын филтер – зөвхөн ийм филтерууд л аюулгүйн баталгаатай
• гагнуурын шил – зарим төрлийн шилнүүд бүрэн хамгаалахгүй байж мэднэ
• фотозургийн хальс – зөвхөн хуучны мөнгөн эмульстэй боловсруулсан хар-цагаан хальс (Kodak Tri-X, Pan-X), орчин үеийн өнгөт хальснууд БОЛОХГҮЙ!
• ”харлуулсан” шил – бүр аргаа барсан үед цэвэрхэн шилний хэсгийг лаа ашиглан түлж харлуулаад хэрэглэж болно. Хэтэрхий харлуулчихвал юу ч харагдахгүй, хэт бага харлуулвал нүдээ хамгаалж чадахгүй тиймээс энэ нь тийм ч найдвартай арга биш юм шүү!

Янз бүрийн зүйлээр филтерлэх гэж үзэж туршсаны хэрэггүй, нүдэнд тань аюултай! Жишээ нь эмнэлгийн ”рентген зураг”-ны хальсаар нарыг хархад гэрэл нь үлэмж багассан байх боловч энэ нь аюулгүй гэсэн үг ердөөсөө ч биш шүү!

Филтер огт байхгүй олдохгүй бол яах вэ? тэгвэл шууд бус байдлаар жишээ нь цэгэн-тусгалын (pinhole projection) аргыг ашиглаж болно. Гэрэл нэвтрүүлдэггүй ямар нэгэн материалан хавтанд маш жижиг нүх гаргаад тэр хавтангаас тодорхой зайд цагаан цаас параллель байдлаар байрлуулхад хавтангийн цаана байгаа зүйлсийн (гэрэлтэй өдөр үед) дүрс нь цаасан дээр урвуугаар байгуулагдана. Эрт үед камерны линз ховор маш үнтэй байхад ийм аргаар гэрэл зураг дардаг хүмүүс олон байсан (одоо ч ингэж зураг дардаг хүмүүс бий) ба алдарт физикч Ньютон хүртэл ийм аргаар оптикийг судалж байв.

Нарыг харах цэгэн-тусгагч хийх хамгийн энгийн арга гэвэл танд цаасан хайрцагийн А4 хэмжээтэй 2 хавтгай хэсэг, мөнгөн цаасны хэлтэрхий, скоч тэгээд нэг зүү л хэрэгтэй. Нэг хавтгайн голд нь хааш хаашаа 3см дөрвөлжин нүх гаргаад тэр нүхээ шоколадны ч юм уу мөнгөн цаасаар нэг талд нь таглах маягаар скочдож наана. Энэ мөнгөн цаасны төв хэсэг дээр нь эхлээд маш жижиг нүх зүүгээр гарга. Нөгөө цаасан хайрцагны хавтгай хэсгээ цагаан бичиг хэргийн цаасаар нэг талыг нь бүрээд тэр бүрсэн гадрагаа дээш нь харуулаад газар юм түшүүлээд тавьчих. Тэгээд мөнгөн цаастай хавтгайгаа нар болон нөгөө газар түшүүлсэн хавтгайн дунд оруулж, газар хэвтэж байгаа хавтгайгаас 0.5-1метрийн зайд барьхад нөгөө хэвтэж байгаа дээр нарны дүрс үүсэж харагдана.

Яаж хийх тухай видеог эндээс үзээрэй – http://www.youtube.com/watch?v=bJVw0ZjMPfE

Нарны дүрс маань 2 хавтгай параллель үед мөн нүхний хэмжээ аль болох жижиг үед хурц байна. Тиймээс та 2 хавтгайгаа янз янзаар хөдөлгөж өөр өөр зайд барьж үзэн тохиромжтой байршлыг нь олох хэрэгтэй. Нарны дүрс тод хирнээ хурц биш бол нүхээ жижигсгэх хэрэгтэй, гэхдээ хэтэрхий жижиг нүхээр тод дүрс үүсэхгүй. Энэ ерөнхий зарчимаар ийм тусгагчийг янз янзын хэргэлэхэд амархан байдлаар хийж болно.

Дуран авай ашиглахаар бол танд аль болох жижиг дуран л хэрэг болно уу гэхээс биш зориулалтын нарийн филтер (жишээ нь устөрөгчийн альфа) байхгүй бол том дуран хэрэггүй. Тиймээс энгийн гар дуран ч ашигласан болно. Хамгийн гол нь тухайн дуранд ямар нэгэн нар ажиглахад зориулсан филтер байхгүй бол дурангаар шууд ажиглаж огтхон ч БОЛОХГҮЙ гэдгийг анхаарна уу! Дурангийн ард эсвэл урд нь фотозургийн хальс жишээ нь тавиад нарыг харж яавч БОЛОХГҮЙ, дурангаар шууд харна гэвэл заавал ч үгүй зориулалтын филтертэй байх хэрэгтэй.

Филтергүй үед дурангаараа үүсгэсэн тусгалыг нь ажиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Дурангаа хөл дээр зоогоод нарлуу чиглүүлээд цагаан цаас харах окулярнаасаа чиглүүлэн бариад харж болно. Дээр дурьдсан цэгэн-тусгагчтай яг адилхан зарчимаар гэсэн үг – тэр мөнгөн цаастай хавтангийнхаа оронд дурангаа нарлуу чиглүүлж хөл дээр зоогоод цагаан цаасаар бүрсэн хавтан дээрээ нарны тусгалыг ажиглана.

Юу харагдах вэ?

Хиртэлт маань 6 цаг гаруй үргэлжилнэ. Үүний ихэнх хэсэгт нь жижигхэн хар толбо нарны хойд хэсэгийг хиртүүлэн өнгөрөх байдлаар бидэнд ажиглагдана. Харин эхлэл болон төгсгөлийн 30 минутанд сонирхолтой зүйлс үзэгдэнэ. Гариг маань нарны ирмэгийг хиртүүлж яг бүтнээрээ орж ирэхээс эсвэл бүтнээрээ хиртүүлж дуусахаас өмнөх агшинд гаригийг ирмэгийг хүрээлсэн бүдэг гэрэл бий болно. Энэ гэрэл нь сугар гаригийн агаар мандалаар нарны гэрэл хугарж буйгаас үүдэлтэй. Мөн гариг хиртэлтээ яг бүрэн эхэлсэний дараахан эсвэл яг дуусгах гээд нарны нөгөө ирмэг дээр нь маш ойрхон хүрээд ирчихсэн үед гаригийн ирмэг нь нарны ирмэгтэй 1 минут орчим нийлж гариг маань бөөрөнхий биш зуйвандуу болж харагдана. Үүнийг “хар дусалын” эффект гэх ба нарны ирмэг хэсэг нь төв хэсгээсээ үл ялиг бүдэг байдагтай болон таны ашиглаж байгаа дурангийн зарим үзүүлэлтүүдээс үүдэлтэй (Жишээ нь маш өндөр өнцгийн нарийвчлалтай дуранд ийм зүйл ажиглагдахгүй). Эдгээр үзэгдэлүүдийг дурангаар зориулалтын филтертэй нь эсвэл тусгалаар нь харж байгаа үед л ажиглана, энгийн нүдээр харагдахгүй.

Нар маань ойрын хэдэн сар идэвхжил сайтай байгаа. Идэвхжил сайн гэхээр нарны гадрага дээр нь олон толбонууд байна гэсэн үг юм. Нарны гадрага дээрх эдгээр толбонууд нь ойр орчмоосоо хамаагүй бага температурт оршдог учир бараан болж харагддаг бөгөөд яагаад нарны гадрага дээр ийм бараан хэсэгүүд үүсдэг вэ гэдэг нь нарны соронзон орон болон гадаад давхрага дахь материалын урсгал хөдөлгөөнтэй холбогдсон гүн гүнзгий учир жанцантай. Сугар гаригийн хиртэлтийн үеэр гариг маань толбоны ойролцоо харагдаж болно, энэ үед танд нарны толбо нь яг таг хар зүйл биш юм байна гэдэг нь тодорхой харагдах болно. Энгийн үед бусад хэсэг нь маш тод учираас нарны толбо нь хүний нүдэнд тас хараар харагдах авч сугар гаригийн хиртүүлж буй хэсэг нь жинхэнэ тас хар учир, түүнтэй харьцангуй бүдэг саарал гэрэлтэй байгаагаар харагдана. Энэ үзэгдэл хэрвээ тухайн үед наран дээр том толбо гарч ирвэл энгийн нүдэнд ажиглагдана, үгүй бол жижиг толбонуудыг дурангийн тусгалаар эсвэл зориулалтын филтертэйгээр дурандаж л харна.

Хэзээ хаана вэ?

Энэ удаагийн хиртэлт баруун Канадаас баруун Сибирь хүртэлх ихэнхидээ хойт бөмбөлгийг хамарсан талбайд эхлэлээсээ төгсгөл хүртэлээ ажиглагдана. Өмнөд Америк, баруун болон өмнөд Африкт харагдахгүй харин бусад хэсэгт нь нар мандаж болон жаргаж байх үед нь хиртэлтийн эхлэл болон төгсгөл нь тус бүрчлэн харагдана.

Харин манай Монголд бүх хиртэлт орон даяар эхнээсээ дуусталаа ажиглагдахаар байна. Тиймээс ч манай говиос энэ үзэгдэлийг ажиглахаар олон жуулчид болон бас бус хүмүүс очиж байгаа юм байна лээ.

УБ-ын байршил нь ойролцоогоор N47.91 E106.91 бөгөөд UTC/GMT+8 бүсэд оршдог билээ. 2012 оны Сугар гаригийн хиртэлт нь УБ-ын цагаар 6р сарын 6ны Лхагва гаригийн өглөөний 6:08 гэж эхэлж өдрийн 12:50 гээд дуусна.Энэ өдөр нар өглөө 04:54 мандаж орой 20:48 жаргана. Цаг агаарын хувьд бага зэргийн үүл байх нь байгалийн филтер болж харин ч тустай байна, гэхдээ нарыг битүү халхалсан зузаан үүл байвал мэдээж юу ч харагдахгүй. Зарим тооцоогоор УБ-т үүлэрхэг байх 75%-ийн прогнозтой байна лээ, гэхдээ энэ бол тодорхой биш яг тэр өдөр нь цаг агаар сайхан ч болчихож мэднэ. Тэглээ ч бүтэн 6 цаг гаруй үргэлжилэх учир хичнээн зузаан үүлтэй байсан ч гэсэн дундуур нь хараад авах агшин гарж л таарна.

Хэрвээ цаг агаар үнэхээр муудчихвал та интернэтээр энэ үзэгдэлийг дараах холбооснуудаас шууд үзэж болно
http://sunearthday.gsfc.nasa.gov/webcasts/nasatv/
http://events.slooh.com/
http://cas.appstate.edu/streams
http://www.ccssc.org/transit2012.html

Түүхэнд болон Ирээдүйд

Түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн анхны сугар гаригийн хиртэлт нь бүүр 1639 онд байв. Английн залуу одоноронч Жеремаяа Хоррокс нь алдарт одоноронч Иоханес Кеплерийн тооцооллолыг ахин нягталж хийснээр хиртэлт болохоос сарын өмнө хэзээ яаж болохыг нь зөвөөр тооцоолсон байна.

Хожим нь мөн Английн одоноронч Эдмонд Халли нь хиртэлтийн эхлэл болон төгсгөлийн хугацааг дэлхийн өөр өөр газраас зөв хэмжсэнээр дэлхийгээс нар хүртэлх зайг тодорхойлох боломжтойг олж мэдсэн байна. Түүний энэ санаанаас үүдэн олон газрын одонорончид 1761 болон 1769 оны хиртэлтийг ажиглахаар дэлхийн өөр өөр цэгрүү аянд мордсон байдаг. Эдгээрээс хамгийн азгүй нь Францын одоноронч Жилам байв. Тэрээр 11 жилийн турш энэ 2 хиртэлтийг ажиглахыг зорьж дэлхий даяар аяалсан боловч цаг агаарын байдал болон өөрийн буруу тооцооллоос үүдэн хоѐуланг нь ажиглаж чадаагүй бөгөөд, 11 жилийн дараа гэртээ эргэн ирэхэд нь түүнийг нас барсан хэмээн тэмдэглэсэнээр зогсохгүй түүний эхнэр нь өөр хүнтэй гэрлэж хамаатнууд нь өмч хөрөнгийг нь хуваан авсан байж.

Ер нь сугар гариг нарыг хиртүүлэхийн тулд 2 зүйл зэрэг болох ѐстой. 1рт сугар гариг нь дэлхий болон нар 2ын дунд нэг шугаманд (дэлхийн тойрог замын эгц дээрээс харвал) орох ѐстой. Сугар гариг нь дэлхийтэй хамгийн ойрхон ирэх үедээ энэ шугаманд дунд нь эгнэн орох бөгөөд энэ үйл явдал нь 584 өдөр тутам тохиолдоно.

Хэрвээ сугар болон дэлхий нь нэг тойрог замын хавтгайд нарыг тойрдог байсан бол бид сугар гаригийн хиртэлтийг 584 өдөр тутам нэг удаа ажиглах байсан. Харамсалтай нь сугарын тойрог замын хавтгай нь дэлхийнхээс 3.4 градусаар зөрдөг бөгөөд тойрог замууд нь 2 цэг дээр л огтлолцоно. Тиймээс зэрэг болох ѐстой 2дахь зүйл нь нар-сугар-дэлхий нэг шугаманд эгнэхдээ заавал дэлхий болон сугарын тойрог замын хавтгайнуудын огтлолцлолын аль нэг цэг дээр бий болох ѐстой юм. Эдгээр 2 цэгнүүд нь дэлхийн тойрог замын хувьд 12р сар болон 6р сард тохионо – тиймээс сугар гаригийн хиртэлтүүд нь дандаа 6 эсвэл 12 сард тохиолддог.

Мөн аль цэг дээрх хиртэлт вэ гэдгээс шалтгаалан нарыг бидэнтэй харьцангуй өгсөж эсвэл уруудаж буй байдлаар хиртүүлэн өнгөрнө. 1631,1639, 1874 болон 1882 онуудад нарыг өгсөж хиртүүлсэн бол 1761, 1769, 2004 мөн ирэх долоо хоногийн хиртэлтэнд уруудаж буй байдлаар Сугар гариг нь нарыг хиртүүлнэ. Уруудаж буй хиртэлтийн үеэр 8 жилийн зайтай 2 хиртэлтийн эхнийх нь нарны өмнөд хэсгийг харин дараачийнх нь нарны хойд хэсгийг хиртүүлнэ. 2004 оны хиртэлт нарны өмнөд хэсгийг хиртүүлсэн, тиймээс энэ удаагийнх нь нарны хойд хэсгийг хиртүүлнэ.

Дээр хэлсэнчлэн сугар гаригийн хиртэлт нь 121.5, 8, 105.5, 8жил гэх жигд бус байдлаар өнгөрсөн болон ойрын хэдэн зуунд тохиолдож байгаа билээ. Энэ жигд бус үечлэл нь дэлхийн тойрог зам нь яг тойрог хэлбэртэй бус бага зэрэг зуйван байдгаас үүдэлтэй (харин сугар гаригийн тойрог зам нь бараг л яг тойрог). Дэлхий нь 6 сарын үед нарнаас хамгийн хол орших бөгөөд харин 12р сард нартай хамгийн ойрхон цэг дээрээ ирнэ. 10 жилдээ үздэг Кеплерийн хуулийн дагуу нартай ойрхон үедээ дэлхий нарыг илүү хурдан тойрж, харин 6р сард хол үедээ удаанаар тойрно. Энэ хурдны зөрөөнөөс үүдэн 121.5 болон 105.5 гэсэн ялгаа гарч ирж байгаа юм.

Алсын ирээдүйд дэлхий болон сугар гаригийн тойрог замын өөрчлөлтүүдээс үүдэн ийм үзэгдэлийн давтамж нь улам багасна. Жишээ нь 3089 оноос хойших дэлхий дээрх хүмүүс зөвхөн өгсөж буй хиртэлтийг нь л ажиглах боломжтой болно. Хэдэн 10000 жилийн дараа гэвэл нарны аймгийн бусад гаригуудын нөлөөгөөр дэлхий болон сугарын тойрог зам нь хувьсан өөрчлөгдөж хиртэлтийн давтамж нь бүүр ч өөрчлөгдөнө.

Энэ удаагийн хиртэлтийг дэлхий дээрээс олон сая хүн ажиглах бөгөөд одонорон судлалыг сурталчилах зорилгоор нэгэн байгууллага 18р зуунд хийгдэж байсан сугар гаригийн хиртэлтийн туршилтыг хийх гэж байна. Дээр дурьдсанчлан анх Эдмонд Халли дэлхийн өөр өөр газраас сугар гаригийн хиртэлтийн эхлэл болон төгсгөлийн цагийг хэмжвэл нар хүртэлх зайг хэмжиж болох юм байна гэдгийг бодож олсон. Тэгвэл энэ удаа дэлхийн олон сая ажиглагчидаас хиртэлт эхлэх болон төгсөх үеийн цагийн мэдээллэлийг энэ байгууллага хэмжиж өгөхийг хүсэж байгаа юм. Хариуд нь олон сая хүний хэмжилтээр 3 зууны өмнөх туршилтыг ахин хийж нар хүртэлх зайг олон сая хүний оролцоотойгоор хэмжинэ.
Мэдээж нар хүртэлх зайг бид өөр аргаар өнөөдөр маш өндөр нарийвчлалтай мэдэж буй ч энэ үйл ажиллагаа нь одонорон судлалын шинжлэх ухааныг олон нийтэд таниулан сурталчилах үйлсэд чухал ач холбогдолтой юм. Та ч гэсэн Монголоос энэ хэмжилтээ тэдэнд явуулж болно • http://tov2012.esri.com/
Энэ бэлэн iphone аппыг ашиглаад бүр амарчилж болно: • http://itunes.apple.com/app/venustransit/id502494620?mt=8

Нарыг ажиглахаар бүтээгдсэн сансрын хэд хэдэн дуран мөн энэ үзэгдлийг сансраас ажиглана. Тэдгээрээс гадна сансар уудмын гайхалтай зургуудыг авдаг алдарт Хаббл дуран хүртэл энэ үзэгдэлийг ажиглана, гэхдээ Хаббл нь нар хархад зориулагдаагүй учир шууд бус байдлаар буюу – сарлуу харж хиртэлтийг ажиглана. Өөрөөр хэлбэл саранд ойсон сугар гаригийн хиртэлтийн гэрлийг Хаббл ажиглах гэж оролдоно. Өмнө нь ийм ажиглалт хийгдэж байгаагүй бөгөөд хэрвээ амжилттай болвол бидэнд өөр оддыг тойрдог гаригуудын агаар мандлыг судлах чухал түлхэц болно.

Дашрамд дуулгахад та бүхэн 2009 онд сансарт хөөрсөн КЕПЛЕР хэмээх дурангийн тухай сонсож байсан байж магадгүй. Энэ дуран нь бусад оддыг тойрдог гаригуудыг олноор илрүүлж цаашлаад дэлхийн ихэр гаригийг олж нээх зорилгоор хөөрсөн бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй гариг байж болох хэмжилтүүүдийг хийгээд байгаа ба тэдгээрийн 46 нь дэлхийтэй нэн төстэй гариг байж болзошгүй юм. Саяхан 2 гариг нь үнэхээр дэлхийтэй маш төстэй ихэр гаригууд гэдэг нь тодорхой болсон ба бусдыг нь нягтлан тодорхойлох ажил яг одоо хийгдэж яваа. Энэ сансарын дурангийн бусад гаригуудыг олж нээх арга нь сугар гаригийн хиртэлт шиг тэдгээр харь гаригуудын эх одоо хиртүүлэх үзэгдэлийг олж хэмжих юм. Өөрөөр хэлбэл тухайн харь гариг нь дэлхийтэй харьцангуй эх одоо хиртүүлхэд, бид хиртэлтийн хугацаа болон гүнг нь хэмжсэнээр (хиртэх үед тухайн одны гэрэлтэлт хир хэмжээгээр буурахыг нь хэмжсэнээр) тухайн гаригийн хэмжээ болон тойрог замыг нь тодорхойлж болно. Том гариг эх одтойгоо ойрхон тойрж байвал хиртэлт гүнзгий болж тэр одны гэрэлтэлт нь богино хугацаанд ихээр багасна, эсэргээр дэлхий эсвэл сугар шиг жижиг гариг эх одоо хол зайд тойрж байвал одны гэрэлтэлтэлт маш бага хэмжээгээр удаан хугацаанд багасгана. Хэрвээ алс хол уудмын хаа нэгтээ өөр гариг дээр бидэнтэй адилхан ухаант соѐл иргэншил сансарлуу өөр гариг хайгаад зөв газраа зөв цагтаа байж байвал манай нарны аймгийн гаригууд ч гэсэн тухайн харь гаригтай харьцангуй нарыг хиртүүлж байгаа.

Advertisements

4 Responses to Сугар гаригийн хиртэлт

  1. bataa says:

    сайхан мэдээ байна. Ийм залуус байгаад бахархаж байна. Хмагийн аюулгүй арга нь нэт-р үзэх юм банйа гэж ойлголоо. Бас нэг асуулт байна. 2012 оны 12-21нд нарны аймгийн бүх гараг нэг шугам дээр байрлаж таарна гээд л яриад байсан. Хэрэв энэн үнэн бол дахиад л нарны хиртэлт буюу сугарын халхалтыг энэ онд харах юм биш үү. Маяачууд буруу тооцсон юм болов уу ккк

    • Tuguldur says:

      hamgin ayulgui arga n zuwhun interneter uzeh bish shu, zoriulaltin filter n bhd ymar ch asudal bhgui.

      Ene ond ahij sugarin hirtelt bolohgui, mayachud tegej heze ch tootsoogui. 2012-iin talar delgerengui endes uzne uu: http://www.ucolick.org/~sukhbold/2012.pdf

    • bi bodohdoo says:

      neg shugam deer davhtsah gedeg ni sansar ogtorguin oilgoltoor asar tom hemjigdehuun baihaa. tiim haritsangui utgaar bodohos ene sugar garigiin uzegdel ter davhtsaliin neg heseg l bolj baigaa baihaa. iim mayagaar gariguud tsuvraad narnii urduur unguruh biz dee. tuunees bich yag tsaasan deer shugam tataad tseg bairluulsan um shig tiim davhtsal bolno gej barag l ugui bizee tegej oilgoj bolohu Tugulduruu

      • Tuguldur says:

        neg shugamand orno gedeg maani garigud narni aimgin egts der eswel dooroos harhad neg shugamand, egts haju talas n harhad neg hawtgaid bh ter uzegdelig l zuwhun neg shugamand orno gej helne, ternes uur ‘asar tom’ uhagdahuun ene ter gesen yum bhgui.

        Delhitei hartsangui zuwhun bud sugar 2 l narni urdur ywj ungurdug busad garigudin toirog zam n delhin toirog zamig dotroo aguldag uchiras delhitei hartsangui narni urdur yawna gesen yum bhgui.

        Times ta mash olon zuilig urusgul oilgoj bga bololtoi, mini der helsen niitlel der ene talar todorhoi hariultuud bga.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: